Ерөнхий мэдээлэл: Манай сибирь гацуур нь 2-3 м өндөр саглагар хөх өнгийн шилмүүстэй. Манай мод үржүүлгийн талбайд анх суулгацаар тарьсан. Гацуур нь мөнх ногоон мод тул хотхон хаусийн тохижилтонд тарьж ургуулан амьд гацуур болгон чимж угтан ирэх шинэ оноо гэр бүлийн хамт тэмдэглэх боломжтой.
Таних шинж тэмдэг
Гацуур нь мөнх ногоон барзгар бараан саарал юмуу хар үрчгэр өнгөтэй, зурвас нарийн ан цав бүхий холбостой, дундаж өндөр нь 20-24 метр ургана. Дундаж бүдүүн голчтой нь 30-36 см. Гацуур нь сууриасаа эхэлсэн хурц шовгор цацархуу конус хэлбэрийн титэмтэй. Манай орны хувьд хамгийн өндөр гацуур нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Жарайн шолын хөндийд 39м, бүдүүн нь 64 см ургаж байна. Одоогоор манай оронд 170 жил ургасан гацуур байна. Шилмүүс нь богинохон хатуу, өргөслөг хурц үзүүртэй дөрвөлжин шугамархуу, шовх хэлбэртэй, дөрвөн талтай, 3см хүртэл урт, ногоондуу буюу цэнхэр өнгөтэй. Шилмүүс цуваа хэлбэртэй байрлана. Шилмүүс нь мөчрийн шилбэний гадаргууд нимгэн хавтгай дэрэнцэрт бэхлэгдэнэ. Гацуур шилмүүсээ 6-9 жил болоод сольдог. Нахианы үзүүр нь мэдэгдэхүйц нарийссан гадуураа давирхайгүй. Боргоцой болц гүйцэх үедээ уруугаа харж унжиж байрлана. Боргоцой нь 5-8см хүртэл урт, гонзгой зууван хэлбэртэй, хайрс нь бөөрөнхий, дээд тал ирмэгээрээ тэгш. Үр 4мм урт, 2мм өргөн түүний далавч 10-13 мм урт. 1000 үрийн жин 4.8 гр. Гацууран ойн дундаж нас 139. Хүйтэнд тэсвэртэй, сүүдрийг сайн тэсвэрлэдэг бөгөөд шим тэжээл сайтай чийглэг хөрсөнд сайн ургадаг. Гацуур үрээр сайн үрждэг.