Ерөнхий мэдээлэл: Манай улиас нь 1-2 м өндөртэй суулгац юм. Манай мод үржүүлгийн талбайд анх үр, мөчрөөр үржүүлсэн. Улиас нь тайралт тандалт сайн даадаг өтгөн саглагар титэмтэй ургадаг. Хөрсний үржил шим их шаардахгүй, элсэрхэг сайрархаг бага үржил шимтэй хөрсөнд сайн ургадаг.
Таних шинж тэмдэг
Улиас нь өтгөн саглагар титэмтэй 18 орчим метр өндөр ургадаг мод юм. Холтос саарал, залуу найлзуурууд сааралдуу шар өнгөтэй. Навчны дээд тал ногоон, доод тал цайвар ногоон, нахиа нь шар өнгийн наалдамхай зүйлээр бүрхэгдсэн байдаг. Залуу навч нь наалдамхай сайхан үнэртэй байдаг. Эр цэцэг нь нягт олон тооны дохиуруудаас тогтсон. Үр нь үстэй. 5-р сарын сүүл, 6-р сарын эхээр цэцэглэнэ. Үр нь 6-р сарын сүүл, 7-р сарын эхээр боловсордог. Улиас нь хөрсний үржил шим шаардахгүй, элсэрхэг, сайрархаг, бага үржил шимтэй хөрсөнд сайн ургадаг тул уул уурхайн нөхөн сэргээлт, ойн зурвас, салхин зурвас, хөрсний элэгдлийг хамгаалах зорилгоор тарихад зохимжтой. Мөн тайралт, хэлбэржүүлэлт маш сайн даадаг чанарт тулгуурлан ландшафтын олон янз хэлбэр дүрсэд оруулах бүрэн боломжтой. Улиас нь татмын ой үүсгэдэг учир ус, хөрс хамгаалах асар их ач холбогдолтой ургамлын нэг юм.