Унаган байгалийг хамтдаа бүтээцгээе

Шинэс модны тухай

Шинэс модны тухай
2023-01-04

Шинэс модны тухай

 

Модны нэр: Сибирь Шинэс
Латин нэр: Larix sibirica Ledeb.
Нарсны овог -  ( Pinaceae )

       Таних шинж тэмдэг: Сибирь шинэс нас гүйцсэн үедээ 24-26 м өндөртэй, 26-28см бүдүүнтэй ургадаг. Нэг настай найлзуурын холтос цайвар саарал өнгөтэй, нилээд хөгшин найлзуурын холтос саарал хүрэндүү, хөгшин иш дээрх холтос туйлын зузаан, гүнзгий хагаралтай, саарал бараан өнгөтэй. Оройн нахиа өргөн шовгор хэлбэртэй, хажуугийнх тал бөмбөлөг хэлбэртэй, шаравтар хүрэн өнгөтэй. Шилмүүсний урт 13-45мм, өргөн 1-2мм, цайвар ногоон өнгөтэй ба богиноссон найлзуур дээр шилмүүс 25-50 ширхэгээр багц үүсгэх ба жил бүрийн 9-р сарын хоёрдугаар хагаст шарлан унадаг. Эр түрүүнцэр хагас бөмбөлөг хэлбэртэй, 5-6 мм диаметртэй шаравтар өнгөтэй, эм түрүүнцэр өргөн өндгөрхүү шовгор хэлбэртэй, 10-15 мм урттай, голдуу хондон улаан юмуу ягаан өнгөтэй. Жил бүр цэцэглэдэг бөгөөд жил жилийн цаг уурын нөхцлөөс хамаарч цэцэглэх хугацаа янз бүр байна. Ихэвчлэн 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр ажиглагдах ба 5-7 хоног үргэжилнэ. Цэцэглэхтэй зэрэг шилмүүс гарч ирнэ.

Боргоцой нь ургаж байх үедээ улаавтар хүрэн өнгөтэй бөгөөд боловсорч гүйцэх үедээ өндөг хэлбэрийн уртавтар зуувандуу, саарал цайвар хүрэн, саарал цайвар шар өнгөтэй болно. Сибирь шинэсний боргоцойн дундаж урт 23 мм-26 мм, дундаж өргөн 18-19 мм байна. Ташуу урвуу өндөг хэлбэрийн үр дунджаар 2-5 мм урттай хар бидэртэй, шаравтар нисгүүртэй. 9-р сарын нэгдүгээр хагаст үр боловсорч 15-20 өдрийн туршид хийсч унадаг. Цөм бүхий модлогтой, цөмийн өнгө улаавтар хүрэн.

Зулам нарийн, цагаан боловч бага зэрэг хүрэндүү туяатай. Ишний бүх зүсэлт дээр жилийн цагираг тод сайн харагддаг. Голын цагираг энгийн нүдэнд өртөгдөнө. Шинэс модны үндэс сайн хөгжилтэй. Харин урт улирлын цэвдэг ба олон жилийн цэвдэг хөрсөн дээр түүний үндэс газрын гадаргуугаар өнгөц тархдаг боловч ихэнхи тохиолдолд голлосон үндэстэй байдаг.

Сибирь шинэс нь гэрэлсэг, ган хүйтэнд тэсвэртэй -50 хэм ба түүнээс дээш хүйтнийг тэсвэрлэдэг. Энэ онцлог байдлаараа сибирь шинэс нь эх газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлд өргөн тархсан байдаг. Сибирь шинэс хөрсний үржил шим тийм ч их шаардахгүй.

Тархалт: Манай оронд 3 зүйлийн шинэс мод ургана. Сибирь шинэс манай орны Хэнтий нуруу, Сэлэнгэ, Их нуруудын хотгор, Өвөрхангай, Архангай, Завхан, Увс, Хөвсгөл Булган, Орхон, Монгол Алтайн нуруу, Баянгөлгий, Ховд,ГовьАлтай аймагт шинэсэн ойг бүрдүүлж тархсан байдаг.Шинэсэн ойн таксацийн дундаж үзүүлэлт нас 156жил, бонитетийн анги 4,48, нягтшил 0,51,нөөц нь 1 га-д 137шоо метр, ерөнхий дундаж өсөлт 6500,1 шоо метр юм. Ойг үүсгэгч  модны насны бүлгээр ангилахад нас гүйцсэн ба хөгшин ой -75%, дунд насны ой 14%, нас гүйцэж байгаа ойн 14% байна.

 

Эх сурвалж: Монгол орны мод бут сөөг 

Сэтгэгдэл (0)